НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц 1989 оны 11 сарын 20-ны өдөр батлагдаж, эл өдрийг Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалж, тус конвенцод дэлхийн 130 гаруй орон нэгдэн оржээ.
Энэхүү өдрийг тохиолдуулан Дорноговь аймгийн прокурорын газраас хүүхдийн эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг аймгийн хэмжээнд судалж, аймаг дахь хүүхэд хамгааллын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Тус аймагт сүүлийн 5 жилийн хугацаанд хүүхэд хохирсон гэмт хэрэг нийт 184 бүртгэгдсэн байна. Үүнээс 102 буюу 55 хувь нь Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байжээ.
Мөн 2023 оны 9 сарын байдлаар хүүхэд хохирсон гэмт хэрэг 50 гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36 хувиар өссөн дүнтэй байгаа аж.
Нэгдсэн зөвлөгөөнөөр хүүхдийн эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар зөвшилцөж, хүүхэд хамгааллын байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлын хүрээнд нэгдсэн төлөвлөгөө гаргах зэргээр хамтран ажиллахаар шийдвэрлэжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар