Дорноговь аймгийн прокурорын газраас санаачлан "Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар хүний эрхийг хангах, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь" сэдэвт уулзалтыг 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сайншанд суманд зохион байгууллаа.
Уулзалтад аймгийн Засаг даргын тамгын газар, тус аймаг дахь Төрийн Аудитын газар болон 14 сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга болон холбогдох бусад агентлагуудын дарга нар зэрэг нийт 55 холбогдох албан тушаалтан танхимаар болон цахимаар оролцлоо.
Уулзалтаар төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг барагдуулахад прокурорын хяналт болон бусад байгууллагын уялдааг сайжруулах, Хүүхдийн дээд ашиг, сонирхлыг хамгаалах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн албан хаагчдын дунд хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаар тогтов.
Оролцогчид төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан, иргэдийн эрх ашгийг хамгаалж, зөрчигдөхөөс сэргийлэхэд нэгдсэн бодлогоор хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар