Дорноговь аймаг 2026 оны Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд хамгаалал – Хамтын хариуцлага” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Тус уриалгад Дорноговь аймгийн прокурорын газар нэгдэж, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Хүүхдийн баярын арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан марафон гүйлтэд 1000 гаруй хүүхэд оролцсон бөгөөд Дорноговь аймгийн прокурорын газрын 15 прокурор, ажилтан сайн дурын үндсэн дээр ажиллаж, хүүхдүүдийн аюулгүй байдал, тав тухтай оролцоог дэмжин марафоны зам дагуу байрласан 3 цэгт ундны ус түгээж үйлчиллээ.
Мөн “Хүүхэд хамгаалал-Хамтын хариуцлага” уриалгын хүрээнд хүүхдийн эрх, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийн эрхийг сурталчлан таниулсан богино хэмжээний видео контент (рийл) бэлтгэн олон нийтэд хүргээд байна.
Тус прокурорын газар нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн боловсрол олгох чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран ажиллаж, хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар