ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

A- A A+
ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

Прокурорын байгууллагаас санаачлан улсын хэмжээнд зохион байгуулж буй “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд олон нийтийн эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээнүүдээс гадна хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шалгаж шийдвэрлэх, байгаль экологид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэхэд анхаарч байна.

Дорноговь аймгийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн хэргээс тоймлон хүргэж байна.

- Я.Т нь Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Хилийн цэргийн .... дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Б.Д, Д.А,Т.Г нарт хууль бусаар ашигт малтмалын хайгуулын ажил явуулах боломж олгож, Говийн бага дархан цаазат газарт хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлэх чиглэлийг сургалтын орлогч М.Ц-д өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар, Б.Д, Д.А,Т.Г нар нь хууль бусаар хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 2.7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар ашигт хайх, ашиглах, олборлох), яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Хилийн цэргийн .... дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан Я.Т, сургалтын орлогч М.Ц-д эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Я.Т-д 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял, сургалтын орлогч М.Ц-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан Б.Д, Д.А, Т.Г нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Д-г 10 сая төгрөг, Д.А, Г.Г нарыг тус бүр 5.4 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Шүүгдэгч нараас байгаль орчинд учирсан хохирол болох 2.7 сая төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 314 мянган төгрөгийг төлүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 257 сая төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

- Б.Э, Б.О, Ч.У, Ж.Ш, О.Н нар нь бүлэглэн 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс нэр бүхий 5 шүүгдэгч нарыг хууль бусаар ашигт малтмал хайх гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд 5.4 сая төгрөгөөр торгох ялыг оногдуулж, байгаль орчинд учирсан хохирлыг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийг ЭНД дарж харна уу.