"ҮЕИЙН ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ" БОЛОН "ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ" СЭДВИЙН ХҮРЭЭНД ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+

Дорноговь аймгийн прокурорын газраас санаачлан аймгийн Боловсролын газар, Сайншанд сумын Засаг даргын Тамгын газартай хамтран Сайншанд сумын ерөнхий боловсролын 6 сургуулийн сурагчдын дунд “Үе тэнгийн дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх”, “Хамгаалсан байгаль -Бидний ирээдүй” сэдвийн хүрээнд “Дэвжээ”  тэмцээнийг 2026 оны 10 дугаар сарын 10-нд зохион байгууллаа.

Тус тэмцээн нь үе тэнгийн дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, бусдыг хүндэтгэх, зөв харилцаа, эерэг хандлага төлөвшүүлэх, мөн гэмт хэрэг, зөрчлөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах талаар мэдлэг олгож, хүүхдүүдийн оролцоонд тулгуурлан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

Сурагчид тэмцээнд багаараа оролцож хууль эрх зүйн мэдлэг, хүүхдийн эрх, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх болон хүрээлэн байгаль орчны талаарх ойлголт, бүтээлч санаагаа сорин өрсөлдсөн юм.

Зохион байгуулагчдын зүгээс гэрийн даалгаварт өгсөн “Хамгаалсан байгаль - бидний ирээдүй” сэдэвт рийл бичлэг, постерын уралдааны бүтээлүүдээ тэмцээний үеэр танилцууллаа. Хүүхэд, өсвөр үеийнхэнд байгаль орчноо хайрлах зөв дадал хэвшил төлөвшүүлэх, ус, ургамал, амьтан, ой модыг хамгаалах ач холбогдлыг таниулах, тэдний бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх зорилготой тус уралдаанд сурагчид эх дэлхийгээ хайрлах, байгальд ээлтэй амьдрах, хог хаягдлыг бууруулах санаа, зөвлөмжөө илэрхийлсэн бүтээлээрээ оролцлоо.  

Ирүүлсэн бүтээлүүдээс агуулга, бүтээлч байдал, шинэлэг санаа, нөлөөлөх байдал зэрэг шалгуураар шилдгүүдийг шалгаруулж урамшууллаа. “Хамгаалсан байгаль — Бидний ирээдүй” сэдэвт гэрийн даалгаврын бүтээлээр Сайншанд сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургууль тэргүүллээ.

Харин “Дэвжээ” тэмцээнд багийн дүнгээр тэргүүн байрт Сайншанд сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургууль, дэд байрт Зүүнбаянгийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль, гуравдугаар байрт Сайншанд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль тус тус шалгарлаа.

Харин тэмцээний тусгай байрт Сайншанд сумын 1,3, 5 дугаар сургууль шалгарсан юм.