Дорноговь аймгийн прокурорын газраас, аймгийн Цагдаагийн газартай хамтран "Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх, шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх" чиглэлээр хууль бусаар, гар аргаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг илрүүлэх, хяналт, шалгалтыг үе шаттай зохион байгуулж байна.
Шалгалтаар техник хэрэгсэл ашиглаж газрын хэвлийд хууль бусаар халдсан, газрын анхны төрх байдал алдагдсан, олон тооны гүн нүх, цооног үүсгэсэн, ухсан цооногуудыг таглаж, хууль бус олборлолтыг үргэлжлүүлэн явуулах нөхцөлийг урьдчилан бэлтгэсэн нэр бүхий иргэдийг олж тогтоон саатуулан, мөрдөх байгууллагаас шалгаж байна.
Дорноговь аймгийн прокурорын газраас 2026 оны 9 дүгээр сарын байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн 32 хүнд холбогдох 9 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн.
Иргэд металл хайгч зэрэг техник хэрэгсэл ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмал олборлох (алт хайх) -оор үгсэн тохиролцож буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан “Ашигт малтмал хайх, олборлох, ашиглах” гэмт хэрэгт тооцогдож, хуулийн хариуцлага хүлээх үндэслэл болдог гэдгийг анхаарах хэрэгтэй.
Мөн тусгай зөвшөөрөлтэй боловч, ашигт малтмалын хэмжээг нуун дарагдуулсан, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хуульд заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй зэрэг бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах талаар тогтоосон журам зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэдэг.
Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлж, хүрээлэн байгаа орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг тус прокурорын газраас уриалж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар